Шүлэг

Тэр эмэгтэй
Тэр эмэгтэйд би хайртай
Тэвэрч аваад үнсэхэд нь дуртай
Даарсаар очиход минь угтан авч
Бээрсэн гарыг минь бүлээцүүлж өгдөг
Гоо үзэсгэлэнт тэр хүнээс
Голт зүрх минь хайр мэдэрдэг ээ

Тэр эмэгтэйд би хайртай
Тэртээ холоос ч угтдаг нь дуртай
Халууцсаар очиход минь тоон авч
Хөлсийг минь арчин сэрүүцүүлж өгдөг
Гомдоож ердөө боломжгүй тэр хүнээс
Гоо үзэсгэлэнг илүүтэй мэдэрдэг ээ
Жирийн л нэг Монгол эмэгтэйгээс
Жинхэнэ хайрыг би мэдэрдэг ээ
Хайр гэрэлтүүлсэн тэр эмэгтэйг
ЭЭЖ гэдэг


Л.Өлзийтөгс

Шөнө дунд цас орж байна

Хав хар тэнгэрээс цагаахан од дусална
Харанхуйд хэн нэг нь уйлж байна
...Энэ яасан сэвсгэр зөөлөн!
Энэ яасан сэрүүн аниргүй!

Гэрэлтдэг, нимгэн, шөнийн өмсгөлтэйгээ
Гэрийнхээ тагтан дээр би хөл нүцгэн зогсож байна
Өнө мөнхөд өвөл л байсан юм шиг...
Шөнө дунд цас орж байна

Гэмгүй сайхан юм ертөнц даяар бударч
Хэн нэг нь аяархан санаа алдаж байна
Яагаад ч юм гуниг... харанхуй цасны гэгээнд
Яг над шиг нэгэн унтаж чадахгүй зогсож байна.                   /2001.01.20/


Л.Өлзийтөгс

Өөрт минь зориулж өгсөн хэн нэгний бэлэг...

Өөрт минь зориулж өгсөн хэн нэгний бэлэг
Өрөө дүүрэн грээл цацсан болор хундага...
Харанхуй үүрээр босоод би энэ л хундаганд
Хамгийн улаан дарсыг сартай аягалан уув.
Өндөр зэгзгэр охин шиг гэрэлт чулуунаас
Өчигдрийн одных шиг бүдэгхэн цуурай сонсож
Жимсний үнэрт үсчсэн дарснаас
Жил саруудыг амтлан санаа алдан суув
Хүн бүхнийг унтаж байхад босоод
Хүйтэн болрын уруулаас халуу шатах дарс шимж
Нүдээ аниад, цэцэг шиг дохилзон суух гэгч
Үүр цайх хичнээн сайхан байсан гээч!              /2002.02.04/

Б. Лхагвасүрэн 

"Боржигины бор тал"

Санаа алдахад
Эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүр залгихад
Агь хоолойд аргасан
Боржигины бор тал минь 
Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог

Тэнгэрийн хэвтэр буурал тал минь

Таанын цагаан толгойноос өөр

Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь
Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл

Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь

Тэнгэр тийчиж намайг төрөхөд тал минь

Торго шиг зөөлөн байсан чи
Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж

Чулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахад

Эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг

Эргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи
Сайран дээр чинь өдөлсөн жигүүртэн тэнгэртээ нөгчихөд

Салхи хөлөглөсөн өд нь чам дээр эргэж буудаг

Ботго нь үхсэн ингэний

Борвио хагартал савирсан цусны туяатай сүүг
Чи л залгиж зовлонг нь хугасалж
Чинэсэн хөхийг нь амирлуулсан

Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирыг

Дэлхийн төвтэй чи л нийлүүлсэн

Чиний шарх

Зүрхний шархнаас хождож анина тал минь
Тугалын бэлчээрээс эхлэн

Тоглоом дэлгэсэндээ чи намайг эрх болгосон

Туулсан зуунуудын гашуун сургамжийг

Хэлж зүрхлээгүйдээ чи намайг гэнэн болгосон
Газрын нүдэн булгийн чинь

Хад цоолсон догшин цамнаа намайг эрэмгий болгосон

Хөрөөний ир шиг алсын намхан уулсын чинь орой

Хөх галын чинь урт улаан дөл намайг бадрангуй болгосон
Сайхан чинийг гандах элэгдэх хоёр

Сартай шөнийн чинь чимээнд зангирах цагаан аялгуу намайг уяхан болгосон

Нутаг усны минь хаяа өлзийтэй түмэн

Нуур тойрмын ширхэг чулуу хүртэл намайг хүн болгосон
Байдуу мянганы уулсаа дууриан толгойд буурал сууж

Багадаа хөхсөн эхийн сүү гадагшлахын цагт

Шүлгээ би чам дээрээ хүн улуу шиг орхиод

Сүүдрээ дарж унахдаа элгий чинь цөмлөн шингэнэ
Боржигины бор тал минь


О. Дашбалбар


“Эх орон” 

Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү
Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмү
Амьд яваа минь таны таалал гэмү
Аугаа их тандаа би өдөр бүр мөргөмү
Амьсгалах тоолондоо би тандаа хүрч очму
Аньсан нүдэндээ ч би таныгаа харму
Сайн үйлээ би таныхаа төлөө хиймү
Саар мууг үйлдвэл таныхаа өмнө ичмү
Өвлийн өдөр цасан дээр хэвтэхдээ
Өнгөт хялмаа гялалзан гялтагнахыг ажму
Орчинд минь хичнээн амьтан буй гэвээс тэд бүгд таных буюу
Одоо би таны нүдээр л бусдыг харму
Эх орон минь таны хүч л надад шингэснээс би хүчтэй явму
Энэрэл хайр тань надад ирсэнээс би бусдыг хайрлаж сурму
Аяа, эх орон минь ээ
Догшин ширүүн галыг ч би таных л гэж бодном
Дотоод зөөлөн амьсгалд тань шүтэж амьдарнам
Аяа, эх орон минь ээ
Ариун тунгалаг агаарыг агаарыг ч таных л гэж бодном
Амьсгалах тоолонд та надад нэвтрэн орж ирнэм
Аяа, эх орон минь ээ
Та юм бүхэнд хувилан бидэндээ ирмү
Амьд яваа минь таны гүн их таалал буюу
Хад чулуунаас ч би таныгаа олж үзмү
Хатан дэлхийн өвсөн ногооноос та босож ирмү
Хамаг амьтны тусын тулд юм бүхэнд оршиж
Хар муу үйлийн замаас биднийг холтгому
Энэ ертөнцийн өнгө аялгуу бүхэн таныг хэлмү
Энх тунх явааг минь та ивээхдээ
Эрх биш түмэн амьтанд таны хайрыг хүртээх увидас хайрла
Энэхүү ертөнцийн туйл үнэн буй бөгөөс
Түүний мөн чанар, эгнэгт эс мөхөгч, бас бий эс бологч
Тал тал тийшээ хязгааргүй үргэлжлэгч
Төв цэг нь хаа сайгүй оршигч
Төрсөн бүхний юм шалтгаан
Төгөлдрөөр өөр тэнцэх юм огт үгүй ээ
Эх орон минь тандаа би мөргөмү
Энэ биеийн буруу зөвийг гагцхүү та тунгааму
Ариутгагч бас аврагч эцэг минь алтан мутраараа адислаж
Хүссэн бүхнээр минь болгоож хайрла
Сайн үйл мөнхийн дагуул минь болог
Сац бас муу явдал барааг минь хараад зугтаг
Бялдууч явдал дууг минь сонсоод устаг
Бас аймхай амьтад дуугарч чадалгүй дөлөг
Өвчин бүхэн намайг тойрог
Өвдсөн зовсоныг тэрчлэн би ачлаг
Амьсгалах тоолон надад та нэвтрэн орж ирмү
Аньсан нүдэндээ ч би таныгаа харму
Ухаан бодол минь таныгаа баясгахаар уудам болог
Уг чанар минь хүн чанар л болог
Эх орны минь мөн чанар гоо сайхныг бусдад түгээж
Энэ ертөнцийн олныг жаргаахад минь надад тусал

Энэ бие ухаан бодол, сэтгэл зүрх, үйл ажил минь таных гэвэл

Эх орон минь та өөрөө минийх
Би таны гэгээн гэрэлд аж төрмү.

Б. Лхагвасүрэн 


"Аргаа барсан шүлэг"

Өдөр өдрөөр архи хүртэж

Өөдөс өөдөсхөнөөр эрлэг рүү намайг зөөх үр минь
Өрцөн цаанаас тасарч унасан цагаас чинь
Өө тавьсан юм, надад бий билүү үр минь
Архиар иссэн уураг тархи

Аавыгаа бодохтой манатай болдог юм байна

Бурууд алдсан ухаан гэдэг

Бурханд алгадуулаад ч засардаггүй юм байна
Үүл буусан толгой гэдэг

Үгэнд дийлддэг эд биш юм байна

Үхсэн хойно минь ч адлуулж үргэлжлэх

Үүрдийн их лай юм байна
Илүү дутуу зангүй нулимс ойрхонтой

Их л сайн хүү байсан даа, чи

Ямар хорлол тархийг чинь цөмлөн унаж

Янаглан хорлож дотроос чинь хэмлэв
Сайхан хоёр ач чи надад тэврүүлсэн

Сар наран дор чи намайг жаргаасан

Жимс шиг хацрыг чинь үнсэж

Жилийн жилд би сагсайтал цэцэглэсэн
Жирийн заяа азаар тэгширч

Жаргал гээчийн бэлд нялхарсан

Ижий бид хоёрын чинь амьд яваа нь

Илүү юм биш биз дээ . . .
Элдэг дуусдаг насыг мөнхөд бодож

Эндүүрч яваа юм биш биз дээ . . .

Эцсийн амьсгал татахдаа би

Чамд зовж хахмааргүй байна . . .
Эндэж алдсан нэгнийгээ хайрладаггүй хорвоод
Чамайг орхиход аймаар байна

Аргиж хатсан хоёр хайлаасны сүүдэр дор

Архины шилээр тоглож суугаа үр минь

Амьдын энэ хорвоо чинь

Алаг л гэнэ, хар нь дийлэнх юм шүү дээ . . .
Өдөр болгон архи хүртэж

Өөдөс өөдөсхөнөөр эрлэг рүү намайг зөөх үр минь

Ухаарлын их бяр өөрөөсөө гарга л даа чи

Ухааны тэр их дарсыг чинь аав нь залгилж
Жавар инээдийн энэ их хорвоод
Жаргалтай аав яваад авс жийе, үр минь

П. Бадарч 


Эхийн сэтгэл



Ижий нь муу хүүгээ их муухайгаар зүүдэллээ
Ийм аймаар зүүд ная наслахдаа зүүдлээгүй дээ
Сааль сүүндээ дэвэлзсэн ч санаа сэтгэл гэгэлзсэн ч 
Сарних бодлын үзүүрээс муу хүү минь гарахгүй юм даа
Сайхан шүлэг бичиж гэнэ ээ миний хүү
Амьтан хүн уншиж байна
Сайхан дуу зохиож гэнэ ээ миний хүү
Арааживаар дуулж байна лээ
Сайн явна гэнэ ээ миний хүү
Аян замын хүн хэлж байна
Муу явна гэнэ ээ миний хүү
Амны зугаа ярьж байна аа
Аль нь ч ялгаагүй дээ ижийд нь
Амьд яваа чинь л ижийдээ алдар чинь юм шүү дээ
Ижий нь муу хүүгээ их л санах юм даа
Араг савар хоёрыг зөрүүлэн байж бодох юм
Аргал чулуу хоёрыг андууран түүж санах юм
Алга аа миний хүү алга
Тэмээ тэмээ цагаан үүлийг
Тэндээ царцтал харлаа
Тэнгэрийн ягаан хаяаг
Цав суутал ширтлээ
Хүний хүү ижийдээ ирж гэнэ ээ
Гол усаар нэг найр наадам
Минийх болохоор шоронд орж гэнэ
Голыг минь гомдом хэлж байна аа
Аа, яадгийм ороо л биз
Гадагшаа би хүүгээ өмөөрлөө
Ам нь цангаж байгаа даа
Дотогшоо би өмөлзлөө
Миний хүү чинь ижийгээ
Гал шиг залуухан явахад үсэрсэн оч минь юм шүү дээ
Миний хүү чинь ижийгээ
Ганц бие минь зандан явахад тасарсан навч минь юм шүү дээ
Алаг бөмбүүлэй эрдэнэ алган дээр байна гэж
Зөгнүүлж ирсэн ганц хүү минь юмсан
Алтан бэлзэг газраас олоод амандаа үмхтэл
Залгичихлаа гэж зүүдлүүлж олсон ганц үр минь юмсан даа
Ядаж яваа юм бол миний хүү
Тэнд байгаад яах нь вэ
Ядарч яваа юм бол миний хүү
Тэнэж яваад юухэв дээ
Ижийдээ л хүрээд ир
Хүний нүдэнд бол хөгцтэй хад шиг
Хөх толгойтой хөгшин муу хүү минь юм
Ижийдээ бол манцуйдаа дэрвэлзэх
Мяндас цагаан хүү минь юм
Ижий дээ ир ээ
Хөхөөрөө чамайг даллая
Үхэхээрээ чамайг айлгая
Миний хүү ижийдээ ир ээ
Ухаантай даа миний хүү
Хурай хурай
Унага шиг ижийдээ
Давхиад ир, миний хүү
Гурий, гурийv

















No comments:

Post a Comment